Алдсан итгэлийг эргэн олж авах нь…(товч хувилбар)


ҮСХ-ийн хөндөж буй асуудал:  


  • Монгол Улсын хувьд хөрш хоёр орноос бусад орны хөрөнгө оруулагчид болон санхүүжүүлэгчдийг татах чадвар буурсан. Хөрөнгө оруулагч, зээл олгогчид юун түрүүн дараах хоёр энгийн асуултад хариу авахыг хүсч байна- Засгийн газар хувийн хэвшлийг дэмжиж байна уу, аливаа маргаан гарах тохиолдолд асуудлыг нь шийдвэрлэж чадах уу?, Эдийн засгийг эрчимжүүлэх хөгжлийн стратеги бий юу?

 “Ардчилалд шилжихдээ монголчууд хүний эрхийг дээдлэх, нээлттэй ардчилсан төр байгуулах, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийг цогцлоох гэсэн гурван үндсэн зорилтыг тавьсан. Үүнээс гурав дахь зорилт буюу төрөөс хараат бус хувийн хэвшлийг төлөвшүүлэх зорилтыг хангахад төдийлөн амжилт гаргаж чадалгүй өнөөг хүрсэн. Бидний дэвшүүлж байгаа зургаан бүлэг зөвлөмж нь ажлын байр нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй өрсөлдөөнт хувийн хэвшлийг Монголд хурдацтай хөгжүүлэхэд нэмэр хандив болох зорилготой. Засгийн газрын тууштай зөв удирдлага бүхий хувийн хэвшлийн хөгжил нь Монголын эдийн засгийн өсөлтийг түргэсгэж ажлын байр бий болгох ач холбогдолтой билээ”.

Дээрх ишлэлийг “Монгол Улсын хөгжлийг дэмжих зургаан бүлэг зөвлөмж: Хувийн хэвшлийн дэмжлэгт тулгуурлан эдийн засгийн өсөлт болон ажлын байрыг нэмэгдүүлэх нь” сэдэвтэй тайлангийн дүгнэлтээс авсан бөгөөд энэхүү зөвлөмж нь дараах зургаан бүлгээс бүрдэж байв:

  1. Эдийн засгийг тогтворжуулах
  2. Бодлого, хууль эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлэх
  3. Засгийн газрын хувийн хэвшил дэх оролцоог багасгаж, хүнд суртлыг бууруулах
  4. Хэрэгцээгээр нь эрэмбэлсэн суурь дэд бүтцийн төлөвлөгөөг боловсруулах
  5. Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх
  6. Дэд бүтцийн онц ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэх

Энэхүү зургаан бүлэг зөвлөмжид (6БЗ) хэрвээ Засгийн газрын зүгээс бизнесийн таатай орчин бүрдүүлж, хувийн хэвшлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийг дэмжвээс олон улсын санхүүгийн байгууллага хийгээд чанартай төсөлд хөрөнгө оруулах хамтрагчид аяндаа Монголыг зорьж эхлэх ба ингэснээр тогтвортой хөгжлийн таатай орчин бүрдэнэ гэсэн гол санааг тусгасан юм.

Зөвлөмжид уул уурхай болон дэд бүтцийн асуудлыг өнгөц дурьдаад өнгөрөлгүй, эдгээр салбарыг хөгжүүлэх нь амаргүй ч шаардлагатай дэд бүтцийг шинээр байгуулах, сайжруулах зайлшгүй хэрэгцээ байгааг дурдаж, Монголын тогтвортой бас хурдацтай хөгжилд оруулах хувь нэмрийг чухалчлан авч үзсэн билээ.

Мөн бид зөвлөмждөө хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дахин боловсруулалт хийж болох аж үйлдвэрийн салбарууд хийгээд уул уурхайн салбарын экспортын хүчин чадал, ирээдүйн төлөв байдал зэргийн стратегийн ач холбогдлыг нь онцлон авч үзсэн. Эдгээр салбарыг онцолсоноор эдийн засгийн бусад салбар стратегийн ач холбогдолгүй гэж үзсэн хэрэг биш бөгөөд Монгол Улс өрсөлдөх чадвараа харьцангүй хурдацтайгаар нэмэгдүүлэхэд дээр дурдсан салбаруудад юуны түрүүнд анхаарал хандуулах нь илүү дөхөм гэсэн санааг агуулж буй юм.

Ингээд олон улсын хөрөнгө оруулагчдын тавьж буй хоёр асуултад хариулахыг оролдъё.

 2012 оны сүүлээс өнөөг хүртэл… Өмнөх үеийн зарим мэдээлээс

2012 оны сүүлээр сонгуулийн дуулиан шуугиан намдахад улс төрийн дөрвөн өөр нам хамтарч байгуулсан туршлага багатай шинэхэн Засгийн газраа бүрэлдүүлж, яамдын удирдах албан тушаалтнуудыг бүгдийг нь сольсон. Тун удалгүй 2012 оны хоёрдугаар улиралд нүүрс олборлогч нэгэн компанийг Хятадын төрийн өмчит компани өмчилж авахаар тохиролцоо хийсний хариуд УИХ-аас Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах (САХБААНГХОЗ) тухай хуулийг яаравчлан баталсан.


2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль нь УИХ-ын сонгуулийн адил маш өрсөлдөөнтэй, популист үзэл давамгайлсан сонгууль болж өнгөрсөн ба Оюутолгойн талаарх Рио Тинто, Монголын Засгийн газар хоорондын маргаан энэ үеэр ид гаарч байв. Оюутолгойн талаар энэхүү сунжирсан маргаанаас болоод тухайн оны гуравдугаар улиралд эхлэхээр төлөвлөгдөж байсан 5 тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хойшлохоос өөр аргагүй болсон. Үүний улмаас 6 тэрбум ам. долларын санхүүжилтээ амжилттай олсон байсан энэхүү төсөл өнөөг хүртэл зогсонги байдалтай байна.

2012 оны сүүлээр Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг амжилттай босгосон боловч, төд удалгүй бондын үнэ цэнэ нь буурч төгрөгийн ханш унасан нь тухайн үедээ эдийн засагчдын хувьд нэг их гайхаад байх зүйл байгаагүй юм. Ийм нөхцөл байдал үүсэхэд 2013 онд төсвийн орлого буурсан болоод Засгийн газрын эдийн засгийг сэргээж, инфляцийг барих зорилгоор хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр, төсвөөс гадуурх зарлага зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн.

2013 онд шийдэгдээгүй байсан бизнесийн холбогдолтой бусад маргаанууд, мөн Засгийн газрын зүгээс зарим чухал бодлогын чанартай асуудлууд дээрээ байр сууриа тодорхойлолгүй цаг алдсан зэрэг нь гадны санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагчдыг эргэлзэж эхлэхэд хүргэсэн юм.

Дотоодын ийм нөхцөл байдлаас гадна Америк, Европын эдийн засгийн хүндрэл, Хятадын эдийн засгийн бодлогын өөрчлөлт гэх зэрэг гадаад хүчин зүйлүүдээс улбаалан Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой уул уурхайн салбар доройтож эхлэв. Уул уурхайн салбарт орж ирж байсан олон улсын хөрөнгө оруулалт цөөн хэдэн найдвартай гэгдэх төсөлд төвлөрөх болж хайгуулын болон уул уурхайн эхний шатны төслүүдэд санхүүжилт олдохоо байсан юм.

2013 оны сүүлээс хэд хэдэн эерэг өөрчлөлтүүд хийгдэхээр ажиглагдаж эхэлсэн ба Засгийн газрын зүгээс шинэ хууль тогтоомж болон одоо байгаа хууль тогтоомжуудыг шинэчлэх бодлогын өөрчлөлтүүдийг яаравчлан хийх болсон. Гагцхүү өөрчлөлтүүдийг хийхдээ оролцогч талуудтай хангалттай түвшинд зөвшилцөлгүй, санал бодлыг нь тусгалгүй хийж буй сул тал ажиглагдаж байна.


Ингээд зургаан бүлэг зөвлөмжийг дор сийрүүлье.


  1. Эдийн засгийг тогтворжуулах

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Оюутолгойн хөрөнгө оруулалт буурсны зэрэгцээ Тавантолгой болон бусад томоохон төслийн үйл ажиллагаа удаашрах хандлагатай болж ирсэн. Монголын эдийн засаг Чингис бондоос босгосон мөнгө, үнэ тогтворжуулах хөтөлбөр болон найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт найдаж, эдний хүчинд замын ажил, орон сууцны барилгын ажил урьдын эрчээрээ үргэлжилж байна.

Бодит байдал дээр Засгийн газрын өр өссөөр байгаа бөгөөд зээл авах боломж улам багасч хүү нь өндөр болсоор байна. Ердөө гуравхан сарын гадаад валютын нөөцтэй үлдсэн бөгөөд төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байна. Дотоодын санхүүгийн одоогийн байдлыг харахад эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд дан ганц төсөв мөнгөний тэлэх бодлогоор явахад хүндрэлтэй юм. Хүчтэй эдийн засгийг бий болгохын тулд хувийн хэвшлийнхэн удирдан санхүүжүүлсэн хөтөлбөрүүдийг дэмжих нь Засгийн газрын төлбөрийн тэнцлийн дарамтыг багасгана.


      2. Хууль эрх зүй болон бодлогын тогтвортой байдлыг бий болгох

Монголын улс төр нь популизм, гадны хөрөнгө оруулагчдад хандах тогтворгүй хандлага гэх мэт сул талтай бөгөөд энэ нь ялангуяа ОТ төслийн жишээнээс тод харагддаг. ОТ-н маргааныг урьд нь тохиролцсон гэрээний дагуу шийдвэрлэвэл олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагууд эергээр хүлээж авах нь дамжиггүй.

ОТ-н хөрөнгө оруулалтын гэрээний гол асуудал болох татварын тогтвортой орчноор хангах заалт нь шинээр батлагдсан Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн гол хэсэг нь болж тусгалаа олсон бөгөөд одоо энэхүү боломж нь гадна дотны хөрөнгө оруулагчдад ялгаагүй нээлттэй болсон. САХБААНГХОЗ тухай хуулийг өөрчилсөн нь сүүлийн үед гарсан эерэг өөрчлөлтүүдийг улам бататгасан билээ.


Аливаа хуулийг логик, агуулгаас нь гадна бодит байдалд хэрхэн хэрэгжиж байгаагаар нь үнэлж дүгнэдэг. Шинэ төсөл, бизнесийн санаачилгыг аль болох хурдан бөгөөд хялбар эхлүүлж, гүйцэтгэх боломжийг бүрдүүлж чадаж байгаа эсэх нь үүнд гол асуудал болно. Одоогоор яам ба орон нутаг, аймаг сумдын түвшинд шийдвэр гаргах үйл явц хэтэрхий удаан, төвөгтэй, ойлгомжгүй байгааг бид зөвлөмждөө тодотгож өгсөн.


ЗГ-ын нэр хүнд, одоогийн байгаа байдал ч мөн адил чухал асуудал бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс ЗГ-ын нэр хүндийг өсгөхөд уул уурхайн салбарт шийдвэрлээгүй байгаа маргаанаа нэн даруй нэг тийш болгох нь гол нөлөө үзүүлэхээр байна. Эдгээр асуудлын шийдлийг хариуцлагын нэг цэгт оруулах нь чухал асуудал юм.


       3. Хувийн хэвшил дэх төрийн оролцоог багасгах, хүнд суртлыг бууруулах

Төрийн зүгээс эдийн засгийг хэтэрхий өмчлөн, удирдан захирахгүй байх зарчмыг УИХ-аар хэлэлцэн ярьж байна. Энэ байдал нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай хатуу дэглэмийг туулж ирсэн түүхтэй зарим талаар холбоотой. Бодит байдалд ЗГ нь төрийн мэдлийн компаниудад хангалттай санхүүжилт өгч чадахгүй, дээр нь шинэ төслүүдээс хувьцаа худалдан авах (стратегийн ордууд) чадваргүй байна. Ер нь олон улсын стандарттай дүйцэх байдал нь ядмаг байгаа билээ.

Дэд бүтэц болон уул уурхайн том том төсөл хариуцдаг Засгийн газрын агентлагууд нь “ажлын баг” болж зохион байгуулагдан ажиллавал илүү өндөр бүтээмжтэй байх бөгөөд энэ нь ухаалаг төр рүү шилжих хөтөлбөрийн нэг хэсэг болон хэрэгжинэ гэж найдаж байна.


       4. ба 6. Хэрэгцээгээр нь эрэмбэлсэн суурь дэд бүтцийн төлөвлөгөөг боловсруулах МӨН дэд бүтцийн онц ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэх


Засгийн газар дэд бүтэц хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан ч хязгаарлагдмал санхүүгийн эх үүсвэр, зөвшөөрөл өгөх үйл явц удаашралтайн улмаас хэрэгжүүлэх тал дээр байнга бэрхшээлтэй тулгарч ирсэн. 6БЗ-д энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгахдаа, нэгд, нэн түрүүнд шаардлагатай байгаа төслүүдийн жагсаалтыг эрэмбэлэн гаргаж хэрэгжилтийг хангахад бүх шатанд нь тууштай дэмжлэг үзүүлэх, хоёрт, эдгээр төслүүд нь зах зээлийн хэрэгцээтэй байх, хувийн хэвшлээс санхүүжигдэх боломжтой байх шалгуурыг давах ёстой гэжээ.

Зургаан талт бодлого маань гурваас дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийг ихээхэн эрчимжүүлэн, Монголын олон улсад өрсөлдөх чадварыг сайжруулж, иргэдийн төрд итгэх итгэлийг үүсгэн бэхжүүлэх таван чухал салбарын хөгжлийг онцлон дурьдсан билээ.

А. Эрчим хүч, дулаан үйлдвэрлэл

Б. Эрчим хүч, дулаан түгээлт

В. Өмнөговиос Хятад руу явах төмөр зам

Г. Хот доторх зам, онгоцны буудал

Д. Усны сектор

Одоогоор хамгийн дорвитой явж байгаа ажил нь зам тээвэр байна.


  1. Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг татах, өрсөлдөх чадвартай, дэлхийн стандарттай дүйцэхүйц бодлогын орчныг бий болгож, шаардлагатай өөрчлөлтүүдийг холбогдох хуулиудад тусгах нь маш чухал бөгөөд цаг алдалгүй хийх ёстой ажил юм. ЗГ нь үүнийг 100% ойлгох нь нэн чухал. Монголын уул уурхайн салбар нь шинэ тутам хөгжиж буй учир өндөр чанартай томоохон болон дунд, бага хэмжээний төслүүддээ гадны хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татахын тулд бүхий л үе шатанд олон улсад өрсөлдөх чадвартай, хөрөнгө оруулалтын таатай бодлоготой байх хэрэгтэй билээ.


Энд онцлон дурдахад, Монгол улс нь дэд бүтэц, цахилгаан болон усны хомсдолтой говь нутагт дэлхийн хэмжээний томоохон уурхайг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө амжилттай ашиглалтанд оруулсан жишээгээ олон улсад нүүр бардам дурдах эрхтэй. Төсөлд гар бие оролцсон мянга мянган монгол залуус болон олон зуун компани энэхүү төслөөс суралцсан нь бахархууштай хэрэг юм.



Засгийн газар уул уурхайн аж ахуйн нэгжийг төрийн өмчлөлд оруулах гэсэн алдаагаа засах хэрэгтэй.  Энэ нь ямар нэг олсон зүйлээс чинь Монгол Улс 34%-ийн хүү авахгүй гэсэн чухал санааг хөрөнгө оруулагчдад өгнө.



Зохиогчийн дүгнэлт:

Эцэст нь дүгнэж хэлэхэд Монголд хөрөнгө оруулалтын бодит хэрэгцээ асар их байгаа  бөгөөд олон нийттэй харилцах харилцаа болон түргэн хугацаанд эрх зүйн өөрчлөлт хийхээс илүү томоохон хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдийг эргэн татах нь чухал байна. Энэ нь хэцүү боловч зайлшгүй хийх ёстой ажил.


Камерон МакРэй, СкайПаать Партнерс ХХК-ийн Ерөнхийлөгч


ҮСХ-ийн байр суурь


Монголын лидерүүд Монголд үүсээд буй энэхүү нөхцөл байдал хийгээд Монголыг дэлхийд тэргүүлэх хөрөнгө оруулалтын бүс нутаг болох боломжийн талаар ихээхэн бодож, анхааралаа хандуулж байна. Монголын эдийн засгийг хөгжүүлж, нийт ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахын тулд олон улсын капитал, хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи, бизнесийн сайн түншүүд хэрэгтэй гэдгийг тэд ойлгож байгаа.


Эдгээр онц чухал факторуудыг Монголд татах нь хөгжингүй орнууд нь өөрсдөө эдийн засгийн олон бэрхшээлтэй тулгарсан, хөгжиж буй орнууд нь бүгдээрээ байгаа тоотой хөрөнгө оруулагчид, капиталыг татах гэж өрсөлдөж буй одоо үед хялбаргүй ажил билээ.


Үүнээс илүүтэйгээр, Монголыг дэлхийн хэмжээний эдийн засагтай болохоор зэхэж буй, өрсөлдөх чадвар өндөр, бизнесийн таатай орчинтой, олон улсын тавцанд хүндлэгдсэн орон болгоно гэсэн шинэ төрлийн популизм Монголд үүсгэх хэрэгтэй байгаа билээ.


Банк, хөрөнгө оруулагчид, дэлхийн хэмжээний компаниудын итгэлийг олж авах нь улс төрийн хүчнүүдийн гол зорилго байх ёстой.