Ерөнхийлөгчийн үг


Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн цахим хуудсанд тавтай морилно уу.


Үндэсний Стратегийн Хүрээлэн (ҮСХ) нь Монгол улсын эдийн засаг, нийгэмд нааштай үр дүн авчрах зорилгоор янз бүрийн түвшинд оролцогч талуудыг мэдээллээр ханган ажиллах зорилт бүхий шинэ тутам байгуулагдсан дотоодын ТББ юм.

ҮСХ-ийн удирдах зөвлөл болон дэмжигчдийн зүгээс  Монгол Улсын эдийн засагт нөлөөлөхүйц үр дагавар бүхий эдийн засгийн удирдлага болон улс төрийн үйл явцтай холбоотой аливаа асуудлаар бодлогын хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх хүсэл эрмэлзэл тээн ажиллаж байна.

Улсын Их Хурлын танхим, улс төрийн намуудын хүрээнд өрнөж буй бодлогын хэлэлцүүлгийн явцаас олон нийт тэр болгон хэрэгтэй мэдээллээ шүүн авч бодлого шийдвэрүүд, тэдгээрийн цаад логикийг ухаж ойлгох боломж хомс байдаг.

Ардчилсан орнуудад парламентын болоод сонгуулийн үйл явц нь төрийн бодлогыг тодорхойлох, тэдгийрийн цаана орших утга, гүн ухааныг тодотгоход чиглэдэг билээ. Сонгуулийн өрсөлдөөн нь бодлогын асуудлаарх зөрүүтэй байр сууриуд  дээр үндэслэн явагдах бөгөөд сонгогчид нь өрсөлдөгч намуудын ялгаатай байр суурь, эрх баригч нам сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө тусгасан бодлогоо хэрхэн хэрэгжүүлж байгаа зэргийг нь харгалзан шийдвэр гаргана.

Үүнтэй холбоотой сонгогчдыг мэдээллээр ханган, тэдэнд хүрч ажиллах хэрэгцээ өнөөгийн нийгэмд байна гэж бид үзэж буй бөгөөд ийнхүү ажилласнаар Монголын ардчилал улам бэхжиж сонгогчид нь зөвхөн сонгуулийн үеэр бус сонгогдсон УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд ч бодлогын асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлэн оролцох боломж нээгдэх юм.

ҮСХ нь үйл ажиллагаа улс төрөөс хараат бус бие даах зарчимд тулгуурлах ба ингэхдээ аливаа чухал шийдвэр нь улс төрийн хүрээнд гарах бөгөөд ардчилсан нийгэмд өөрсдийнх нь эрх ашигт нөлөөлөх асуудлаар оролцогч талууд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн нөлөөлөх боломж нээлттэй байх ёстой зарчмыг мөн анхаарах болно.

ҮСХ-ийн үйл ажиллагааны  арга хэрэгсэл нь өндөр нэр хүнд бүхий мэргэжилтнүүдийн нийгэмд тулгамдаж буй асуудлаар бичсэн нийтлэлийг олон нийтэд хүргэх бөгөөд ингэхдээ улс төрийн хувьд дүгнэлт хийх бус асуудлыг ухаж тайлбарлахад нийтлэлийн агуулгыг чиглүүлэх юм. ҮСХ-ийн зүгээс шаардлагатай үед нийтлэлийн эцэст нэмэлт болгон улс төрийн бүлэглэлүүд тухайн асуудлаар ямар байр суурьтай байгааг мөн тодотгон тайлбарлаж байх юм.

Түүнчлэн бидний зүгээс төрийн холбогдох байгууллагууд, бизнесийн холбоодын хоорондын бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэх бөгөөд өнөөг хүртэл төрийн болоод бизнесийн салбарын зүгээс үүнд маш нааштай хандаж буй болно.

Түүнчлэн ҮСХ-ийн зүгээс эдийн засгийн нэн тулгамдаж буй асуудлууд, нөхцөл байдлын талаар чанартай мэдээллээр олон нийтийг байнга хангадаг болох чин хүсэл буй бөгөөд эдийн засгаар мэргэшээгүй бидний зарим нэгний хувьд эдгээр асуудлуудыг  ойлгомжтой энгийнээр тайлбарлуулан сонсох хэрэгцээ гарцаагүй байдаг.

Ирэх саруудад бид үүн дээр анхаарлаа төвлөрүүлэн ажиллахаар зэхэж байна. Үүний зэрэгцээ бид энэхүү цахим хуудсаа сайжруулахад мөн анхаарах бөгөөд олж авахад амаргүй, чанартай мэдээллийг олж авах боломжтой орон зай болгон хөгжүүлэх нь бидний зорилт юм.

Та бүхнээс шүүмж сонсохдоо бид таатай байх ба манай байгууллагын зүгээс цахим хуудсаараа дамжуулан хүргэж буй цуврал нийтлэл, бусад эх сурвалж таны таалалд нийцнэ гэж найдаж байна.


Хүндэтгэсэн,

Камерон Mакрей