Ярилцлага-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Бямбасайхан


Б. Бямбасайхан нь стратегийн ордуудын нийтийн өмчийг эзэмшигч “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК, “Шивээ Овоо” ХК, “Багануур” ХК-ийг эзэмшдэг Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын компани юм.

Мөн тэрээр 260 гаруй компанийн гишүүнчлэлтэй Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг.


-Одоогийн хашиж байгаа алба тань Таны өмнө хашиж байсан албанаас юугаараа өөр байна вэ?

  • Монгол Улсын Засгийн газар хувьцааг нь эзэмшдэг компаниудыг нэгтгэсэн толгой компанийг би хариуцан ажиллаж байна. Төрийн өмчит компаниудын дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм журам нь өөр учраас, “Эрдэнэс Монгол” компанийг би хувийн компанийн менежментээр удирдаж болохгүй юм. Эдгээр компаниуд нь одоогоор хувьцаа эзэмшигчдэдээ ямар нэг ашиг оруулахгүй байгаа.

-“Эрдэнэс Монгол”-ын хэтийн зорилгыг та яаж тодорхойлж байна вэ?

 

  • Хувьцаа эзэмшигчддээ үнэ цэнэтэй, үр өгөөжтэй болгох- ашигтай ажиллаж түүгээрээ Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах гэж тодорхойлж болох юм.

Үүний тулд хамгийн түрүүнд эдгээр компанийг “эрүүлжүүлж”, хөрөнгө оруулалтын механизмд хувь нэмэр оруулдаг болгох хэрэгтэй байна. Энэ зорилгодоо хүрсний дараа өсөлтийн стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгсэн нөхцөлд хөрөнгө оруулалтын энэ компани нь Монголын эдийн засагт үр өгөөжөө тогтмол өгөх боломжтой болох юм.


-“Эрдэнэс Монгол”-ын ойрын зорилт юу вэ?

  • Бизнесийн хүчин чадлаа тодорхойлж болон сайжруулах шаардлагатай талуудаа ойлгож авах нь хамгийн ойрын зорилт юм. Ингэхийн тулд засаглалаа илүү ил тод, нээлттэй болгон чанаржуулж, бизнесийн хамгийн шилдэг туршлагуудаас суралцах болно.

-Ямар саад бэрхшээлийг давж гарах хэрэгтэй байна вэ?

  • Энд хоёр түвшний саад бэрхшээлийг дурьдаж болох юм.

Нэгдүгээрт. Бизнес дэх төрийн оролцоо, үүнээс үүдэн олон улсын түвшинд бидний талаар бий болсон сөрөг хандлага

Хоёрдугаарт.  Бизнесийг хөгжүүлэхийн тулд чадварлаг боловсон хүчин болон хөрөнгө оруулалтыг татах шаардлага юм.


-Монголчууд өөрсдийгөө ядуу гэж боддог гэж та хэлсэн байсан. Яагаад тэгж боддог юм бол?

  • Энэ үзэл бодол манайд их нийтлэг байдаг. Харин би үүнтэй огт санал нийлдэггүй. Өөрийн гэсэн гэр оронтой, хувийн машинтай хэрнээ өөрийгөө ядуу гэж боддог хүмүүс байдаг.

Жишээлэхэд орон сууцаа эсвэл газраа барьцаалан зээл авч эргэлдүүлэн илүү их баялаг бий болгож болох талаар ихэнхи хүмүүсийн санаанд хэзээ ч орохгүй. Өнөөдөр өрх бүр “зээлэнд хөрвүүлж болох хөрөнгө” буюу өөрийн гэсэн газартай болсон байгаа.

Бидэнд Эрдэнэт, Багануур, Шивээ Овоо, Тавантолгой гэх мэт маш их баялаг байна. Энэ бүхнийгээ гагцхүү зөв үнэлж удирдах шаардлагатай байгаа юм.

Магадгүй үүний шалтгаан бидний уламжлалтай холбоотой байх. Хүмүүс өмчөө хэрэглэж байгаа хэрнээ санхүүгийн хөшүүрэг болгон ашиглаж мэдэхгүй байна. Хууль эрх зүйн орчин нь ч энэ боломжийг дэмжихгүй байна.


-Засгийн газар сайн менежер мөн үү?

  • Засгийн газрын үүрэг бол эдийн засгийн зөв бодлого гаргаж, хуулийн орчныг бүрдүүлэхэд оршихоос биш бизнесийг удирдах биш юм. Хөрөнгө татах, хувьцаа эзэмшигчидтэй харилцах, төслийг хэрэгжүүлэх болон үр ашгийг бий болгох тал дээрээ засгийн газар муу менежер юм.

-Тэгвэл та яагаад энэ албыг хашиж байгаа юм бэ. Бүтэлгүйтэх нь ойлгомжтой юм биш үү?

  • Би энэ үгийг олон хүнээс сонсож байна. Тийм ээ, энэ бол амаргүй ажил. Гэвч өнгөрсөн үеийн энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Бид ирээдүйд өнгөрсөн үеээ дахин давтаж болохгүй. Хэрэв би өнөөг хүртэл баримтлаж ирсэн хуучин арга барилаар ажиллах юм бол цагаа дэмий үрсэн хэрэг болно. Олон улсын стандартын дагуу ажиллаж чадахгүй юм бол бүтэлгүйтэх нь ойлгомжтой шүүдээ.

-Том бизнесийг амжилттай явуулсан туршлага Монголд байна уу?

  • Энэ асуулт тань бизнесийг олон улсын шилдэг туршлагын дагуу явуулж чадаж буй Монгол компани байна уу гэж байгаатай утга нэг юм. Хариулт нь: тийм, байгаа. Гэхдээ тийм бизнес олон биш байна.

Бид дотоодын бизнесүүдээ бүгдийг олон улсын стандартын дагуу ажиллаж, шилдэг туршлагуудаас суралцдаг болгож өөрчлөх хэрэгтэй байна.


-Монголд одоогоор байгаа ямар “эерэг зүйлс”-ийг та цаашид хөгжүүлэхийг хүсч байгаа вэ?

  • Манай хуулиуд бизнес эрхлэхэд тийм ч их төвөгтэй биш, мөн сүүлийн үед нэлээдгүй хууль шинэчлэгдэн сайжирч байгаа. Харин хүмүүсийн хандлага зөв байх, ил тод байдал гэх мэт зүйлсэд бид илүү анхаарлаа хандуулах шаардлагатай байх. Энэ хандлагуудыг төлөвшүүлэхэд мэдээж бэрхшээлүүд тулгарна. Харин миний хашиж байгаа алба хүмүүст эерэг үлгэр дуурайл болох боломжийг надад олгож байгаа.

Монгол Улс бол ямар ч хэмжүүрээр авч үзсэн ардчилсан орон юм. Бидэнд маш олон асуудал, бэрхшээлүүд тулгарч байгаа, гэвч манайхаас 20 дахин том эдийн засагтай Казахстан Улсад байхаас эх орондоо байхыг би илүүд үзнэ. Монголдоо эдэлж байгаа эрх чөлөөгөө манайхан тоодоггүй. Бидэнд өмч байна, боломж байна.

Төр хувийн бизнест хутгалдан орж байгаа байдал, хуулийн системийн үйл ажиллагаа, бизнес эрхлэгчдийг шийтгэж байгаа байдал гэх мэт сэтгэл зовниулах асуудлууд байна. Олон улсын бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид манайд хууль дүрэм болон гэрээ хэлэлцээр яс мөрдөгдөж, хэрэгждэг болохыг харахыг хүсч байгаа.


-“Эрдэнэс Монгол”-ын алсын зорилго юу вэ?

-           Миний хүрэхийг хүсч буй гол зорилго бол “Эрдэнэс Монгол”-ын үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлж үнэ цэнийг нь өсгөх явдал юм. Үр ашгийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлж, олсон ашгаараа бусад хөрөнгө оруулалт шаардлагатай газрууддаа зарцуулах хэрэгтэй байна. Ингэхийн тулд эдгээр компанийг шинэчлэн зохион байгуулж, хөрөнгө татах зайлшгүй шаардлагатай.


-Үүнийг “Темасек”-ээс илүү хурдтай хийж чадах уу?

  • Зорилгодоо хүрэх замыг товчлохын тулд миний хийж чадах 3 зүйл байна.

Нэгт. “Темасек”-ийн 40 жилд хийснийг туршлага, технологийн тусламжтайгаар 10 жилийн дотор хийж чадна.

Хоёрт. Дэлхийн стандартууд болон нэгэнт шалгуурыг давсан бизнесийн загварууд байна. Жишээ нь “Темасек”-ийн загвар бол бизнесийн шалгагдсан загваруудын нэг

Гуравдугаарт. Чадварлаг хүний нөөц. Бид өнөөдөр даяарчлагдсан дэлхийд амьдарч байна. Чадварлаг боловсон хүчнийг хаа байгаа газраас үнэлэн авч тэднээр дамжуулан олон улсын түвшинд баримтлах хэтийн төлөвөө тодорхойлж буй улс орнууд өнөөдөр амжилттай яваа. Энэ тал дээр манай улс хоцорч байгаа. Тиймээс технологи, харилцаа гэх мэт хөшүүргүүдийг ашиглан зорилгодоо хүрэх замыг товчлох боломж олдох бүрт ашиглаж байх хэрэгтэй.

Нэгэнт тогтсон зарчим болон стандартуудыг маш их шим тэжээлтэй хөрсөнд суулгана гэсэн үг юм л даа. Зарим эдийн засаг, улс орон энэ түвшинд хүртлээ 30-40 жил болж байсан. Бид ирэх 10 жилийн турш далайцтай алхмууд хийж болох юм. Монголчууд өмч эзэмшдэг болоод 25 жил болсон байна. Энэ боломжоо одоо дараагийн шинэ үе шатанд гаргах үе нэгэнт ирсэн.


-Монгол Улсын Засгийн газраас та ямар өөрчлөлтүүдийг хийгээсэй гэж хүсч байна вэ?

  • Хуулийн хүрээнд нэг их өөрчлөөд байх зүйл байхгүй, гэхдээ бизнес эрхлэгчдийг хамгаалсан, өрсөлдөх чадвартай болохыг нь дэмжсэн эрх тэгш хуулийн тогтолцоотой байх нь маш чухал.

Засгийн газар бизнест саад болох биш дэмжиж туслах ёстой. Төрийн өмчийн бизнес гэдэг бол бусад бизнесээс ялгаагүй юм. Засгийн газар бол зөвхөн хувьцаа эзэмшигч. Аливаа бизнес ашиг, орлоготой байж, хувьцаа эзэмшигчддээ үр өгөөжөө өгч байх хэрэгтэй. Засгийн газар бизнесийг муу явуулах эрхгүй. Хувийн компаниуд, ер нь бүх компани оршин тогтнохын тулд сайн зохион байгуулалттай байх хэрэгтэй.

Улс төрийн тогтвортой байдал, бизнесийн тогтвортой орчин үүнд маш чухал.