Улс төрийн манлайлал ба эдийн засгийн асуудлыг нэн тэргүүнд тавих нь


Ерөнхий сайд Ч. Сайханбилэг хэд хоногийн өмнө ард иргэддээ хандан телевизээр мэдээлэл хийсэн. Ингэхдээ Монголд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн учир шалтгаан,  эдийн засгийг сайжруулах асуудлыг голлон хөндлөө. Үндэсний Стратегийн Хүрээлэнгээс Ерөнхий Сайдын хийсэн мэдэгдэл болон засгийн газрын зүгээс 100 хоногийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланд үндэслэн доорх дүн шинжилгээг хийснээ хүргэж байна.

Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн байр суурь

Монгол Улсын Ерөнхийлөгч. Ерөнхий сайд Ч. Сайханбилэг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П. Цагаан нарт өнгөрсөн 3 жилийн хугацаанд гаргасан алдаа оноогоо эргэцүүлэн дүгнэж,  цаашид авах алхмаа өнгөрснөөсөө өөрөөр харж шийдвэрлэхэд анхаарал хандуулж буйд талархаж байна.  Уг асуудлыг саяхан болж өнгөрсөн Монголын Эдийн Засгийн Форумаар ч хөндөн хэлэлцсэн билээ.  Болж бүтэхгүй байгаа бүхэнд гадныхныг буруутгахын оронд төр засгийн удирдлага, шийдвэр гаргагчдын үүрэг хариуцлагыг тодотгох болсон  нь илүү үр дүнтэй гэж бид үзэж байна.

Ерөнхий сайдын мэдэгдэлд дурдагдсан нэг чухал зүйл бол энэ цаг үеийн Монголын эдийн засгийн бахархууштай ололт гэж хэлж болох, нөгөө талаас хөрөнгө оруулагчидтай үүсгэсэн том маргааны сэдэв болоод буй Оюу Толгойн 2-р шатыг удахгүй эхлүүлэх тухай дурдсан явдал байв. Оюу Толгой төслийн 2 дахь шат эхэлвэл 5 жилийн хугацаанд 6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэх ба нөөц элбэгтэй далд уурхай ашиглалтад орсноор Оюун Толгойгоос улсад орох орлого даруй 3 дахин нэмэгдэх юм.

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ шударга болсон эсэхэд өнөөг хүртэл эргэлзсээр ирсэн хүмүүст хандан нэг сонирхолтой баримт дурдвал 2010-аас 2021 оныг хүртэл засгийн газрын эзэмшиж буй хувьцаанд ногдож орж ирэх мөнгөний урсгал бараг 80%-тай тэнцэх буюу татвар, ашигт малтмал ашигласны төлбөрийн нийт хэмжээ нь 3 тэрбум доллараас илүү гарахаар байгаа явдал юм. Энэ нь зөвхөн гадны хөрөнгө оруулагчдын оруулсан мөнгөнөөс буюу тэгтэй тэнцэх хэмжээний мөнгө гаргаад л ирэх үр дүн гэж хэлж болно. Үүнд эдийн засагт орох бусад үр өгөөжийг, тухайлбал, шинээр бий болох ажлын байр, дагалдах бизнесийн боломжууд болон тэр хэрээр нэмэгдэх татварын орлогыг оруулж тооцоогүй болно.

Төслийн зардал нэмэгдсэн талаарх маргаан болон энэ нь урт хугацаанд Монголын хүртэх ёстой ашигт хэрхэн нөлөөлж байгаа тухай олон нийтийг төөрөлдүүлсэн маргаанаа одоо зогсоох шаардлагатай байна.  Яагаад гэвэл маргаан өрнүүлж ирсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хувьд хожсон зүйл огт байхгүй бөгөөд эсрэгээрээ энэ хугацаанд хөрөнгө оруулахад эрсдэл багатай, найдвартай орон гэсэн олон улс дахь нэр хүндээ алдаж дууссан гэхэд хилсдэхгүй.

Ерөнхий сайд мэдэгдэлдээ эдийн засгийн асуудлыг голлон авч үзэж буйгаа онцолсон бөгөөд эдийн засагт өсөлтөд чиглэсэн суурь шаардлагатай байгааг  онцлон өгүүлсэн нь анхаарал татаж байна. Тэрбээр Монголчууд, гадаадын хөрөнгө оруулагчдын аль аль нь эерэг хандлагыг эрхэмлэж, итгэлцэлээ сэргээх шаардлагатай байгааг мөн онцолсон.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ энэ нь амаргүй даваа болохыг онцолсон бөгөөд Монголчуудын зүгээс саад болж буй хэд хэдэн хүчин зүйлийг даван гарах шаардлагатай байгааг сануулсан. Үүнд юуны өмнө популизм болон төрийн албаныхны хойрго байдлыг дурдсан билээ. Эдийн засгийн хөгжилд чөдөр тушаа болж буй эдгээр эмгэгээс салахын тулд хичээн зүтгэхээ тэрээр илэрхийлсэн бөгөөд Монгол улсын хувьд бүхэлд нь ашиг тус өгөх амаргүй шийдвэрүүдийг гаргаж ажиллахаа дуулгасан.

Түүнчлэн нэлээд олон асуудлыг шийдвэрлээд буйгаа Ерөнхий сайд мэдэгдэлдээ дурдсан ба ажил ид өрнөж буй талаар ярьсан. Гэвч инфляцийг намжаан, зээлийн хүүг бууруулах, валютын нөөцөө нэмэгдүүлж, өсөлт нь саарсан эдийн засгаа сэргээх нь нэг шөнийн дотор гүйцэлдүүлэх амар ажил биш юм. Зөв зүйтэй байр сууринд эргэн хүрэх нь эхний алхам агаад жинхэнэ гол зорилт нь урт хугацаанд ялагчийн давуу байр сууриа хэвээр хадгалахад оршино.

Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, олон улсын зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтыг аваад үзэхэд Монголчуудын хувьд ирэх сонгуулиас наана буюу 2016 оны дунд хүртэл эдийн засгийн байдал дээрдэнэ гэж хүлээх найдлага бага байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн ч эерэг нөлөө богино хугацаанд үзүүлэх магадлал маш бага юм.

Гэвч юутай ч Ерөнхий сайд Оюу Толгой болон Таван Толгойтой холбоотой асуудлаас гадна олон чухал асуудлаар эерэг бөгөөд нөхцөл байдалтайгаа уялдсан зөв зүйтэй мэдэгдэл хийлээ.

Хамгийн чухал нь засгийн газрын зүгээс бүтцийн хувьд уул уурхайгаас хараат бус эдийн засгийг хөхиүлэн дэмжихэд садаа болсон, төсвийн үргүй зардал гарах шалтгаан болж буй зарим хүчин зүйлүүдийг анхаарч ажиллах  шаардлагатай байгаа бөгөөд үүнд:

  • Эрчим хүч, шатахуун тос, гурил, улаан буудай болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд өгдөг татаас, хөнгөлөлтүүдийг хязгаарлах,
  • Төрийн албаны бүтцээс зардал ихтэй илүүц бүтэц, орон тоог цомхотгох,
  • Импортын бүтээгдэхүүний үнийг дур мэдэн тогтоох байдлыг хязгаарлах шаардлага байна.

 

Ерөнхий сайдын яриандаа дурдаагүй өнгөрсөн нэг зүйл бол барилгын компаниудад олгож буй татаасыг багасгах, дахин үнийн хөөс үүсгэхээс сэргийлэх арга хэмжээг авах тухай байв. Орон сууцны үнэ хийгээд иргэдийн орлогын түвшин хоорондын ялгааг арилгах шаардлагатай ба ингэхийн тулд үл хөдлөх хөрөнгийн зах зээл өөртөө зохих тохируулга хийх бололцоог нээж өгөх учиртай.

Тэтгэврийн сангийн шинэ зохион байгуулалтыг эхлүүлж  хадгаламжийн өсөлтийг дэмжих нь зөв зүйтэй санал бөгөөд үүнийг шинээр зохион байгуулсан, эмх цэгцтэй үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжилтэй уялдуулваас зохилтой. Чанартай барилга байгууламжийг оновчтой байрлалд байгуулж, сэтгэлд хүрэхүйц үйлчилгээг иргэдэд хүргэхийн сацуу замын хөдөлгөөн зэргийг ч давхар сайтар бодож төлөвлөдөг болох шаардлага байна. Улаанбаатарт хангалттай тооны тэнгэр баганадсан барилга сүндэрлээд буй ч, тэдгээрт хүмүүс таатай, чөлөөтэй амьдрах зай талбай, орчин, үйлчилгээ, зогсоол дутагдалтай байгааг анхаарах нь зүйтэй.

Засгийн газрын зүгээс бизнесийн салбарт оролцох оролцоогоо багасгаж, үүний оронд бизнесийн салбараар дамжуулан эдийн засгийн хөгжлийг дэмжих стратеги барих нь оновчтой болох талаар бид байнга сануулж, уриалсаар ирсэн билээ. Аливаа засгийн газрын гол хүлээх ёстой үүрэг нь боловсрол, нийгмийн болоод бусад чухал үйлчилгээг иргэдэд хүргэх явдал байдаг ба сүүлийн жилүүдэд энэ үүргээ хүртэл төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хувийн байгууллагуудаар амжилттай гүйцэтгүүлэх хандлага түлхүү ажиглагддаг болоод байна.

Ерөнхий сайд яриандаа хувьчлалтай холбоотой хэд хэдэн чухал шийдвэрийн талаар дурдсан ба үүнд тухайлбал Монголын хөрөнгийн биржийн зохион байгуулалтыг шинэчлэх, МИАТ-ыг Сингапурын Темасек маягийн загвараар хөгжүүлэх тухай дурдсан.  ҮСХ- ийн зүгээс алдагдалтай ажиллаж буй төрийн өмчийн компаниудыг бүрэн хувьчлах асуудлыг санал зөвлөмждөө үргэлж дурдсаар ирсэн билээ. Темасек маягийн загварыг нэвтрүүлэхдээ  компаниудыг өөрсдөө ажиллуулахын оронд тэдгээрт хөрөнгө оруулахад анхаарах нь зүйтэй. Эрдэнэс Монгол компанийн шинэ захирал Б. Бямбасайханы хувьд төрийн өмчийн компаниудад байгаа одоогийн хөрөнгийг хувьчлалд тулгуулан илүү үр  өгөөжтэй болгох шаардлага нэн тэргүүнд тавигдаж буй юм.

Төр стратегийн ордууд дээрх сээтэгнэл гэж хэлж болохоор өнөөгийн хандлагаа өөрчлөх шаардлагатай. Түүний оронд чадвартай, хариуцлагатай уул уурхайн компаниудыг дэмжиж хайгуул, ашиглах боломжийг нь судлуулах, улмаар хөрөнгө оруулж, уурхайг барьж байгуулж, ашиглах нь зүйтэй. Засгийн  газрын зүгээс Оюу Толгой, Таван Толгойн асуудлаар нэг жигд биш бодлого баримталж ирсэн ба ирээдүйд ийм маягаар анхаарал нь сарнисан байдалтай ажиллах нь зохимжгүй.

Монгол улсын хувьд Улаанбаатарын утааны асуудлыг шийдэх шаардлага гарцаагүй тулгараад байгаа бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэн өөрийгөө дулаан цахилгаанаар бүрэн хангаад зогсохгүй, гадагш экспортлох хэмжээний хангалттай нөөц, чадвар байгаа билээ. Гэвч Хятадад хилийн чанадаас цахилгаан авахад сонирхол төрөх эсэх нь үүнд нөлөөлөх ба өөрөөр цахилгааны үнэ нь Монголд цахилгаан станц барихад оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхүйц байх шаардлагатай. Юутай ч үнийн хувьд хэмнэлттэй, байгаль орчинд гэм халгүй цахилгаан станцууд барьж байгуулан ашиг олох боломж буй ба ингэснээр чанар муутай нүүрсний нөөцөө ашиглах боломж ч нээгдэх сайн талтай.

Монголд одоогийн байдлаар наад зах нь дөрвөн нүүрс шингэрүүлэх төслийг дэмжигчид байна. Эдгээр төсөл нь техникийн хувьд төвөг чирэгдэл ихтэй, нөгөө талаас борлогдох зах зээл нь ч хязгаарлагдмал юм. Засгийн газрын хувьд алдагдалтай ажиллах магадлалтай бизнест хөрөнгө оруулах бололцоо хомс бөгөөд үүнд болгоомжтой хандах шаардлагатай. Мэдээж урт хугацаанд Улаанбаатарын утааны асуудлыг шийдвэрлэх арга зам нь хотын захыг оновчтой төлөвлөн хөгжүүлэх, тэдгээрт хүрч үйлчлэх орчин үеийн цахилгаан станцууд барьж байгуулах явдал болно. Энэ нь урт хугацааны асуудал  бөгөөд эдийн засгийн үр өгөөж нь ч өндөр болохыг анхаарах нь зүйтэй. Гэр хорооллыг айл өрхүүд болон бизнесийн байгууллагууд нүүж суурьших сонирхол төрөхүйц тохьтой орчин болгож өөрчлөх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай.

Монгол улсын хувьд хийж гүйцэтгэх ёстой бас нэг чухал ажил нь өнөөгийн цахилгаан үйлдвэрлэж буй хүчин чадлаа шинэчлэн нэмэгдүүлэх, дотоодын хэрэглэгчдэд цахилгаан хүргэх шугам барихаас гадна Хятад руу цахилгаан экспортлох шугам барихад мөн хөрөнгө оруулах явдал болно.

Түүнчлэн бас нэг чухал асуудал нь засгийн газрын зүгээс татварын бааз сууриа өргөжүүлэх шаардлагатай холбоотой ба энэ нь далд эдийн засгийг ил болгож, ил эдийн засагт оролцох байгууллага, оролцогчдын тоог  нэмснээр хэрэгжих боломжтой. Ил эдийн засагт оролцогчдын цалин хөлс нэмэгдсэнээр, татварын орлого арвижих ба энэхүү орлогыг нэн тэргүүнд шаардлагатай байгаа дэд бүтцээ хөгжүүлэхэд ашиглах боломжтой.

Татварын бааз суурь бага хэвээр байгаа нөхцөлд засгийн газрын зүгээс цалин, тэтгэвэрт зарцуулах мөнгөндөө бодолтой хандах шаардлагатай. Төрийн үйлчилгээний бүтцийг цомхотгох нь бүтээмжийг нэмэгдүүлж, зардал нэмэхгүйгээр цалин нэмэх боломж олгох давуу талтай билээ.

Ерөнхий сайд яриандаа ашигт малтмалын хайгуулын талаар онцолж дурдсан.  Хайгуул нь урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих нөлөө үзүүлж болох ч,  энэ нь зөвхөн хайгуулын үр дүнд ашигт малтмалын нөөц илрүүлж, ашигласан тохиолдолд л хэрэгжих боломжтой. Үүнд цаг хугацаа, мэргэжилтэй боловсон хүчин, уурхайг барьж байгуулахад шаардагдах асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй болохын сацуу бүтээн байгуулалтын явцад гарч болох алдаа оноог ч тооцож үзэх нь зүйтэй. Ерөнхий сайдын зүгээс татварын шинэ тогтолцоог бий болгож уурхайн үйлдвэрлэл явуулсан тохиолдолд ашигт малтмалын нөөцийн төлбөрийн тодорхой хувийг орон нутгийн төсвийн татаасыг хасалгүйгээр тухайн нутагт нь үлдээж байх хувилбарыг санал болгосон нь цаг үетэйгээ зохицох санал гэж үзэж байна. Энэ арга нь шинэлэг бөгөөд хэд хэдэн өндөр хөгжилтэй орон авч хэрэгжүүлсэн туршлага байна.

Хайгуулын зөвшөөрөл дахин олгож эхэлсэнтэй холбоотой ҮСХ-ийн зүгээс 2010 онд лиценз олголтыг зогсооход хүргэсэн нөхцөл байдал дахин давтагдах вий гэсэн болгоомжлол байна. Одоогийн систем нь сул тал ихтэй, лизенцийг дамлах хоёрдогч зах зээл үүсгэж мэдэх эрсдэлтэй байгааг анзаарч, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх нь зүйтэй гэж ҮСХ-ийн зүгээс зөвлөж байна. Энэхүү салбарт мэргэжлийн түвшний,  чадвартай оролцогчдыг татах нь засгийн газрын гол зорилго байх ёстой. 130 лицензийг ямар байгууллага, хүмүүст олгоод байгаа тухай мэдээлэл ил байх ёстой ч өнөөг хүртэл Ашигт Малтмалын Газраас энэ мэдээллийг ил болгоогүй байна. Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудын ард ямар хувь хүмүүс байгааг мэдэх боломж хомс байдгийг санахад илүүдэхгүй.

Ерөнхий сайдын хэлсэн үг хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Гэвч Засгийн газрын зүгээс эдийн засгийг сэргээх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцэн хэд хэдэн сорилтыг давж гарах шаардлага тулгарч байна. Үүнд дараахь хэд хэдэн макро эдийн засгийн зорилтуудыг дурдаж болно:

  • Засгийн газрын өрийг зохистой түвшинд барих (төсвийн болон төсвөөс гаднах)
  • Инфляци, зээлийн хүүг дорвитой бууруулах
  • Валютын ханшийг тогтворжуулах.

 

Хөрөнгө оруулагчдын зүгээс хөрөнгө оруулах шийдвэр гаргахын өмнө  улс төрийн эрсдэл, төслийн үнэ цэнэ, төслийг дуусгах стратеги боловсруулахдаа дээр дурдсан гурван хүчин зүйлийг юуны өмнө авч үздэг.

Эцэст нь хэлэхэд Ерөнхий сайдын зүгээс Монголын эдийн засагт тулгараад буй амаргүй нөхцөл байдлыг сөрөн зогсож, 2016 оны сонгууль хаяанд ирээд буй энэ үед улс төрийн манлайлал, зориг  гаргасан нь сайшаалтай.

Улсын Их Хурлын зүгээс Ерөнхий сайдын гаргасан төлөвлөгөөг шүүн үзэж, өөрсдийн байр сууриа илэрхийлэх нь гарцаагүй. УИХ-ын эрхэм гишүүд эдийн засгийг сэргээх , хөгжүүлэх арга хэмжээг нэгдмэл байр суурьнаас дэмжинэ гэж  бид найдаж байна.

Түүнчлэн улс төрийн намууд ирэх сонгуульд оролцохдоо эдийн засгийн сахилга батыг эрхэмлэн, Монголын стратегийн давуу талд илүүтэй түшиглэсэн хөтөлбөрөөр өрсөлдөнө гэж найдаж байна. Иргэдийг айлгаж болгоомжлуулахад чиглэсэн популист хандлага Монголд өнөөдөр тулгараад буй асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхэд ач тусаа өгөхгүй нь ойлгомжтой билээ.

 

Үндэсний Стратегийн Хүрээлэн

Камерон Макрей