Б.Мөнхсоёл: “Стэнд бай”-г эдийн засагт ашигтай байлгах нь Засгийн газрын чадвараас хамаардаг


Эдийн засагч Б.Мөнхсоёлтой төсөв хүндрэлтэй энэ үед Засгийн газар хаанаас ямар эх үүсвэр татах боломжууд байгаа талаар ярилцлаа.


-Засгийн газар хаанаас эх үүсвэр татах вэ гэдэг нь анхаарал татаж байна. Энэ сонголтуудын нэг нь ОУВС-гийн “Стэнд бай”хөтөлбөрт хамрагдах. Гэхдээ уг хөтөлбөрийг авах нь буруу, дотоодын үйлдвэрлэл үйлчилгээ, эдийн засгаа улам хумих эрсдэлтэй гэх хүн олон байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах ёстой гэж сонгуулиас өмнө хэлж байсан. Энэ байр сууриндаа одоо ч хэвээрээ байна. Эрх баригчдын хувьд өнгөрсөн хавар уг хөтөлбөрийг авах боломж, нөхцөл нь бүрдсэн ч огт цухуйлгаж яриагүй нь сонгуультай холбоотой байсан. Нэг үгээр бол АН сонгогчдынхоо саналыг алдахгүйн тулд өнөөгийн байдлаа ил тод болгоогүй. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байгаа тухайн улс харьцангуй нээлттэй, зөв тохиролцоонд хүрэхийн тулд бүх л нөхцөл байдлаа илэн далангуй тайлагнах ёстой. Өнөөдөр шинээр гарч ирсэн Засгийн газар өнөөгийн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, хямралын байдлыг ч гэнэтийн гэж бодоогүй байх. Сонгуульд өрсөлдөж байсан улс төрийн нам, хүчнүүд ямар эдийн засаг хүлээж авахаа гадарлаж байсан. Өнөөдөр эдийн засаг хүндрэлтэй, төсвийн алдагдлын прогноз үнэн байгаад төсвийн орлого дөрөв, таван их наяд төгрөгөөр дутаж, төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд хүрэх нь үнэн юм бол үүнийг ямар нэгэн аргаар нөхөх хэрэгтэй болно. Засаг төрд нийгмийнхээ амьдралыг хэвийн авч явахын тулд эх үүсвэр хэрэгтэй. Наанадаж л төрийн албан хаагчдын цалин, өндөр настнуудын тэтгэврийг тасалдуулахгүйн тулд мөнгө хэрэгтэй. Мөнгөний асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал маш хязгаарлагдмал байна. Өнөөдөр байж болох хамгийн хямд бөгөөд боломжит хувилбар нь “Стэнд бай” хөтөлбөр.


-“Стэнд бай” хөтөлбөрийн эрсдэлтэй, сул тал нь юу вэ?
-Аливаа улсын Засгийн газар өөрийнхөө эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран “Стэнд бай” хөтөлбөрийн хэрэгжилт заримдаа харьцангуй эерэг, заримдаа сул байдаг. Тэгэхээр Засгийн газар зөвхөн Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан нь буруу, эсвэл зөв гэж ярих нь туйлшралын нэг хэлбэр болно. Үүнээс илүү энэ хөтөлбөрийн хүрээнд хэдий хэмжээний эх үүсвэр татах юм, хөтөлбөрт хамрагдсанаар ямар болзол, бодлогыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцох нь чухал. Энэ чиглэлд Засгийн газар маш сайн ажиллах ёстой. Үүнийгээ нээлттэй, ард түмэндээ ойлгуулах, тайлбарлах, мэдээллээр хангах үүрэгтэй.


-Сүүлд Грекийн Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан ч амжилттай хэрэгжээгүй, эдийн засгийн хүндрэл нь улам л даамжирсан шүү дээ?
-Грекийн Засгийн газар, ОУВС-гийнхантай 12 зүйл дээр тохиролцсоны үндсэн дээр “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан. Гэтэл хөтөлбөр хэрэгжих явцад тохиролцсон зүйлүүдийн зөвхөн тав нь хэрэгжсэнийг ОУВС-гийн эдийн засагч дүгнэсэн. Хөтөлбөрийн хүрээнд авсан зээлийн ихэнх нь өр зээл төлөхөд зарцуулж, зарлагаа бууруулах чиглэлд бүтцийн өөрчлөлтөө тулсан хэмжээнд хийж чадаагүй гэж дүгнэсэн. Мөн Грект улс төрийн сонгууль болж Засгийн газар сонгогдож зарим амласан амлалтууд ч нөлөөлсөн. Хамгийн гол нь тохиролцсон 12 асуудлын тавыг нь л хэрэгжүүлж чадсан байна. Тиймээс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийн буруу байсан уу, эсвэл тухайн улсын хариуцлага, ёс зүйн асуудал байсан уу гэдгийг зөв тунгаах ёстой. Тэгэхээр хоёр тал харилцан ойлгоцолд хүрч хөтөлбөрт хамрагдах учраас Монголын талаас мэргэжлийн өндөр чадвартай хүмүүсийн баг ОУВС-гийнхантай харилцан зөв тохиролцоог хийх ёстой. Нэгэнт хийж чадаад, тусламжаа авч чадвал ОУВС-тай тохирсон бодлогуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн тааламжгүй нөхцөлд орсон нь ОУВС-гийн тусламж авах, авахгүйтэй холбоогүй. Эдийн засаг үүнээс өмнө хүндэрчихсэн. Харин өнөөдөр эдийн засгаа уруудуулах уу, тогтоох уу гэдэг сонголт дээр ирээд байна. Зөв алхам хийхгүй бол улам уруудсан үед өнгөрсөн борооны хойноос цув нөмөрвөл тун харамсалтай болно. Ер нь ОУВС-гийн тусламжийн хөтөлбөрийг эдийн засагт ашигтай эргүүлэх нь тухайн улсын Засгийн газрын потенциал, хариуцлага хүлээх чадвар, бодлого хэрэгжүүлэх чадвараас л хамаарна.


-Өнөөгийн хямралын үед банкууд зээл олгохгүй, энэ хэрээр эдийн засаг дахь эрэлт хумигдаж байна. Энэ үед хямд эх үүсвэр татахын тулд гаднын банк оруулах хэрэгтэй гэж зарим хүн ярьж байна. Энэ чиглэлд таны бодол?
-Аливаа нэг асуудал ярихад заавал хэн нэгний эрх ашиг хөндөгддөг. Тухайн улсад тухайн бизнесийг хийж байгаа газрууд өөрсдийнх нь өрсөлдөөнийг нэмэхэд таатай хандахгүй. Гэтэл жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд санхүүгийн эх үүсвэр олдохгүй байна, хямд өртөгтэй санхүүжилтийн эх үүсвэртэй болох хэрэгтэй байгааг байнга ярьдаг. Үүний тулд Хөрөнгийн бирж, даатгал, хөрөнгө оруулалтын санг хөгжүүлж болно. Харамсалтай нь, өнөөдөр эдгээр санхүүгийн хэрэгслүүд сайн хөгжөөгүй байна. Цаашид эдгээр санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Арилжааны банкууд зээлийн өндөр хүүтэй, дээр нь Монголбанк бодлогын хүүгээ нэмчихсэн, эдийн засаг төсөв, мөнгөний бодлогоор тэлэх боломжгүй байгаа энэ үед санхүүгийн эх үүсвэрийг нэмж болох нэг хувилбар нь гаднын банк оруулах явдал мөн. Ер нь манайд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон банкууд гаднын хөрөнгө оруулалттай байна. Тиймээс гаднын банк яагаад оруулж ирж болохгүй гэж. Хоёрт, арилжааны банкууд нэгэнт эрсдэл өндөртэй, боломжийн хэмжээнд зээл гаргасан байгаа энэ нөхцөлд өрсөлдөөнөөс айх шаардлагагүй гэж бодож байна. Эдийн засагт цэвэр өрсөлдөөн үүсч, эрүүлжих тусам ажилтай орлоготой иргэдийн тоо нэмэгдэнэ. Иргэдийн орлого нэмэгдсэнээр өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудад ч сайнаар нөлөөлнө. Эдийн засгийн байдал сэргэж, иргэдийн орлого нэмэгдсэнээр чанаргүй зээлийн эргэн төлөлт сайжирна. Өрсөлдөөн байх тусам зах зээлд сайн. Хамгийн гол нь хууль эрх зүйн орчноо зөв бүрдүүлж, хэрэгцээгүй биш оновчтой зохицуулалтыг бий болгох ёстой. Аливаа зүйлийн баланс, тэнцвэрийг зөв олж, аль болох шударга өрсөлдөөнийг бий болгох ёстой.


-Дотоод нөөц боломжоо ашиглаж эх үүсвэр татах боломж хэр байна вэ?
-Монгол Улс цөөн хүн амтай, том газар нутагтай учраас нэг талаас бизнесийн хувьд зах зээл жижигхэн, зардал өндөртэй улсад тооцогддог. Манай улсын ажил эрхэлж байгаа иргэдийн 90 гаруй хувь нь бичил, жижиг дунд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас үүдсэн ажлын байр байдаг. Томоохон компани, үндэстэн дамнасан корпорациуд цөөн. Өнөөдрийн нөхцөлд дотоод гэхээс илүү гадаадын хөрөнгө оруулалтыг эргээд татах арга хэмжээг авах хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт татдаг гол салбар нь уул уурхай, хөдөө аж ахуй. Тиймээс энэ чиглэлд оновчтой бодлого явуулах шаардлага бий. Нөгөө талд дотоодын нөөц боломжийг ашиглая гэвэл жижиг дунд бизнес дээр л анхаарах хэрэгтэй байгаа. Ажлын байрыг хамгаалж, шинээр нэмэгдүүлэх нь чухал учраас дэмжих, урамшуулах, зах зээлийг тэлж өгөх хэрэгтэй байна.

Эх сурвалж: www.itoim.mn